Онцгой байдлын байгууллагын 2023 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хичээл сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, хариуцлага, хувь хүний хөгжлийг сайжруулах зорилгоор сургуулийн жилийн сүүлийн хагас 2 дугаар үеийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Сургуулийн жилийн сүүлийн хагас 2 дугаар үеийг нээж нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл бол алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй тасралтгүй явагдах үйл явц юм. Цаашид бие бүрэлдэхүүний сургалт, дадлага, бэлтгэлийг орчин үеийн дэвшилтэт техник, технологи, шинэ арга барилаар зохион байгуулж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн болон бие бялдар бэлтгэлжилтийг улам дээшлүүлж албаны дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэн ажиллах”-ыг анхаарууллаа.

Нээлтэд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Намсрай оролцсон бөгөөд алба хаагчдад хандан “Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж амьдардаг. Өдөр тутамд аюулт үзэгдэл, гал түймэр, ахуйн ослын дуудлага нэмэгдэж байгаа үед ажлын хариуцлага өндөр байх, алба хаагчдын сахилга, ёс зүй, бие бүрэлдэхүүний сургалтад анхаарч ажиллах, алба хаагчдын гадаад хэлний мэдлэг, биеийн тамир, бие бялдрыг сайжруулахын чухлыг онцоллоо. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган” анх удаа зохион байгуулагдаж, тус уулзалтаас дэвшүүлсэн 10 зорилтыг танилцуулж, ажилдаа мөрдлөг болгон ажиллахыг уриалсан.

Түүнчлэн бие бүрэлдэхүүнд “Гамшгийн орон зайн мэдээллийн системийн хэрэглээ” сэдвээр ОБЕГ-ын Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн газар зүйн мэдээллийн технологи, систем хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн, ахмад П.Үүрцайх, “Сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх сэтгэл зүйн байдлыг тодорхойлох судалгааны арга хэмжээ” сэдвээр тус газрын Захиргааны удирдлагын хэлтсийн Эмч-сэтгэл зүйч, ахмад Б.Даваасүрэн, сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн дадлагажигч оюутнууд стресс, ажлын байрнаас халшрах хам шинж, хувь хүний сэтгэл зүйн байдлын талаар судалгаа авч, хичээл сургалтыг зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан нийт алба хаагчдад 2023 оны сургалтыг чанаржуулах, цахим сургалтыг нэвтрүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах талаар үүрэг чиглэл өглөө.




