Нийслэлийн Онцгой байдлын газраас 2023 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Салааны захирагч, Бүлгийн дарга, Сургагч багш нарт гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие сэтгэлзүйн онцлогт тохируулан харилцах, зөөвөрлөх, тээвэрлэх мэдлэг, дадлага эзэмшүүлэх зорилгоор “Тусгай хэрэгцээт хүүхэдтэй харилцах сэтгэл зүйн онцлог’ сэдэвт сургалтыг Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 25 дугаар тусгай сургуулийн орчинд зохион байгууллаа.

Алба хаагчид сургалтын үеэр танхимын болон биеэр үзүүлэх дадлагыг хамтран зохион байгуулж, гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие, сэтгэл зүйн онцлогт тохируулан харилцах, зөөвөрлөх, тээвэрлэх мэдлэг дадлагыг эзэмшсэн юм.
Сургалтыг Зэвсэгт хүчний жанжин штабаас 2023 оныг “Залуу офицерын манлайлал”-ын жил болгон зарласантай холбогдуулан офицеруудын идэвхи оролцоо, ур чадварыг дээшлүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл олгох, нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах зорилгоор өрнүүлж байгаа “Нэгдүгээрт хүүхэд” нэгдсэн аяны хүрээнд хүүхдийг гамшгийн аюулаас хамгаалах, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дадлага эзэмшүүлэх зорилгоор мөн зохион байгууллаа.
Тус сургалтад Гамшгаас хамгаалах сургалт арга, зүйн төвийн сургагч багш, Аврах ангийн бүлгийн дарга, Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нарын нийт 38 офицер алба хаагч, ерөнхий боловсролын 25 дугаар тусгай сургуулийн 68 сурагч, 55 багш хамрагдлаа.
Сургалтад хамрагдсан 68 сурагчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан а/а Пүрэв-Эрдэнийн гэр бүлээс бэлэг гардууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.