С.Билэгжаргал: Аврагч хүн аварсан хүнийхээ эрүүл байгааг хараад ажлаа цааш үргэлжлүүлэн хийх урам авдаг

1b2f4e7b66527d18259697d97f8634cf-75acz0lehv5xoy6o00p595hc7ji9uizziaxe80o7680.jpg

О.Эрдэнэтунгалаг

Онцгой байдлын байгууллагын аврагч залуу өөрийнхөө амь биеийг үл хайхран өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, олон хүнийг амийг аварчээ. Түүний баатарлаг үйлийг ОХУ-ын Засгийн газраас үнэлж, “Халуун зүрх” одон медалийг олгосон явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд шуугиан тарилаа. Энэ түүхэн гавьяа, түүхэн шагналын эзэн бол нийслэлийн Аврах ангийн дэд ахлагч С.Билэгжаргал билээ. Бид түүний баярт мөчид нь ийн ярилцлаа.

-Оросын Холбооны Улсын нэрэмжит  “Халуун зүрх” медалийг энгэртээ гялалзуулсан танд баяр хүргэе. Шагнал авсан сэтгэгдлээсээ хуваалцаач?

    -Баярлалаа, үгээр хэлэмгүй сайхан мэдрэмжийг авдаг юм байна. Энэ шагналыг 23 хүртэлх насны гавьяа байгуулсан хүмүүст олгодог юм билээ. Тус шагналыг Монгол Улсаас хүртсэн хоёрдох иргэн болсондоо туйлын их баяртай байна. Шагнал аваад зогсож байхдаа өөрөөрөө болон онцгой байдлын  албаараа их бахархаж байлаа.

-Албандаа ажиллаж байгаа энэ хугацаандаа олон иргэнийг аюулаас аварсан юм билээ. Тэр дундаас Гачуурт голд живсэн гурван иргэнийг авран хамгаалсан ажиллагааныхаа талаар ярьж өгч болох уу?

     -Өнгөрсөн жил хур тунадас их ихтэй Гачуурт гол үертэй, аврах ажиллагааг хурдан шуурхай явуулах ёстой болсон. Намрын сэрүүн орчихсон байсан үе.  “Голын усанд гурван иргэн автомашинтайгаа живж байна” гэсэн дуудлагын дагуу очсон. Эргүүлийн завьтай очих үед суудлын автомашин гол гатлах үедээ чулуунд тээгэлдсэнээс болж автомашин зогсож, живж эхэлсэн байсан. Тухайн үед голын урсгал ширүүн байсан учир аврагчид өөрсдийн аюулгүй байдлын сайтар хангаад ус руу орж байлаа. Багийн ажиллагаа сайн байсан учир гурван иргэнийг аюулгүй голын эрэг дээр гаргасан. Удалгүй живж байсан автомашиныг ч голын эрэг дээр татаж гаргаж чадсан.

-Онцгой байдлын албанд орж, аврагч болохоор шийдэж байсан үеээ дурсах уу. Энэ мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?

    -Би 2018 онд цэргийн алба хаасан. Алба хааж байх хугацаандаа цэргийн хүн болохоор шийдсэн юм. Мэдээж хүний амь насыг авран хамгаална гэдэг хамгийн буянтай ажил  шүү дээ. Тиймээс энэ албанд орж иргэдийг хамгаалах буянтай ажлыг хийхээр шийдсэн.

-Онцгой байдлын газарт алба хааж эхлээд хамгийн анх ямар аврах ажиллагаанд явж байсан бэ?

    -Анх өндрийн дуудлагад явж байлаа. Есөн давхраас үсрэх гэж байгаа иргэнийг аврах ажиллагаа байсан юм. Тухайн үед ажилд ороод 2-3 хоносон шинэхэн ажилтан хамт явсан багийн ах нараасаа их зүйл сурч авсан даа.

-Одоо ч гэсэн хамт ажилладаг багийнхнаасаа их зүйл сурч авдаг уу?

    -Манай аврах ангид олон мундаг албан хаагчид бий. Бүх хүнээс суралцаж явна, бүгд л миний багш болно доо. Аюулд өртсөн олон төрлийн  дуудлага байгаа тэр бүхэнд ах нарыгаа харж, үгийг сонсож, нэг баг болон ажиллана.

-Иргэдийг авран хамгаалахаар тангараг өргөсөн Онцгой байдлын газрын албан хаагч хэдий ч бидэнтэй л адилхан хүн шүү дээ. Авран хамгаалах ажил хийхдээ айж, сандарсан үе байгаа юу?

    -Байлгүй яах вэ, дуудлагад явж байх мөчид сандран. Тэр бүрд ямар дуудлага байхаас шалтгаалж сэтгэл зүйгээ бэлдэнэ. Бид ямар осол дээр очихоо таахгүй шүү дээ. Зам тээвэр, ахуйн осол, үер ус гээд очиход нүд халтирам хэцүү байдалтай  байх тохиолдол олон. Аврагчид сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлийг хамгийн сайн хангасан, үргэлж бэлэн байх ёстой.

-Онцгой байдлын албан хаагч байх тийм ч амархан ажил биш шүү дээ. Энэ хугацаанд шантарсан үе гарсан уу?

    -Байнга үхэл амьдралтай тэмцэж байдаг мэргэжил дээ. Анх ажилдаа орж ирээд шантрах үе гарсан. Олон хүнд дуудлагад очно. Хүнд дуудлага нь биеийн хүчний хэцүү дуудлага бус харахад нүд халтирч, санаанаас гарахгүй болсон осол гэмтлийг хэлж байгаа юм.  Гэхдээ намайг хэн ч энэ албанд уриагүй, авчраагүй, Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөө дагаж байгаа учир шантраагүй. Цаашдаа цаг мөч бүрд суралцаж, илүү хичээж ажиллахыг хүсдэг.

-Албан хаагчийг шантрахгүй цааш ажиллахад нөлөөлдөг зүйл бий юу?

    -Аюулаас аврагдсан иргэн эсвэл ар гэрийнхэн, найз нөхөд нь ирээд “баярлалаа” гээд талархлын үг хэлдэг. Аврагчдад аварсан хүнийхээ амьд, эрүүл байгааг хараад цааш үргэлжлүүлэн ажиллах урам авдаг. Иргэдийн “баярлалаа” гэдэг үг арвагчдын хувьд урагшлах ташуур л гэсэн үг.

-Өдөр бүр олон аврах дуудлагад гардаг байх. Аврах ажиллагаанд явах бүрдээ дотроо юу боддог вэ?

    -Дуудлагад явж байхдаа аль болох хурдан очиж, тухайн аюулд орсон иргэний амь насыг шуурхай ажиллан аврахыг бодно, төлөвлөнө. Аюулд өртсөн иргэнийг эсэн мэнд, эрүүл байлгах нь аврагчдын  нэн тэргүүний зорилго юм даа.

СЭТГЭЛЭЭР УНАЖ АЖЛАА ЦАЛГАРДУУЛАХ ЭРХ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ

-Гэр бүл нь энэ мэргэжлийг сонгон ажиллахад нь хэрхэн хүлээж авсан бэ. “Халуун зүрх” медалийг авсныг нь сонсоод юу гэж хэлсэн бэ?

    -Гэр бүлийнхэн өөрсдөө медаль авсан юм шиг баярласан. Цаашдаа албандаа сайн зүтгээрэй гэж захисан. Намайг дуудлагад явахад “Өөрийнхөө аюулгүй байдлын сайн хангаарай биеэ бодоорой” гэж их захидаг.

-Олон удаа аврах ажиллагаанд явсан байх. Тэр дундаас хамгийн сэтгэлд үлдсэн аврах ажиллагааны талаар яриач?

    -Эмээлтээс уруудах зам дагуу  дөрвөн автомашин мөргөлдөж осолдсон хэрэг гарсан юм. Тэр үед дуудлагаар оччихоод “Амьд хүн бараг байхгүй байх” гэж харахаар тийм хүнд осол байсан. Тийм хүнд, тогтож харж чадахааргүй  болчихсон ослоос нэг иргэнийг амьд, бараг бэртэл гэмтэлгүйгээр гаргаж авч байлаа. Машинд байсан иргэн суудлын бүсээ зүүсэн учраас машин нь онхолдсон хэдий ч машины бүхээг дотор бэртэлгүй, толгой хэсэгтээ бага зэргийн шалбархайтай гарч ирж байсан. Тэр аврах үйл ажиллагаа миний сэтгэлд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн дээ.

-Аврах дуудлага бүр аврагчдын  ур чадвар,ухааныг сорьж байдаг байх. Тэр дундаас хамгийн хэцүү аврах ажиллагаа нь ямар төрлийн ажиллагаа байдаг вэ?

    -Уснаас аврах ажиллагаа хамгийн хүнд байдаг. Гол мөрөн үертэй, шөнө үүрээр ч хамаагүй дуудлага ирнэ. Тэр үед осолдсон хүн харагдахгүй “Хүн усанд орчихсон, живсэн” л гэдэг. Зарим үед үед хайсан хүнээ хурдан олно. Заримдаа эрлийн ажиллагаа 7-14 хоног үргэлжилнэ. Завиар явна, шумбалт хийнэ, голын эрэг, чулуутай хэсгээр их хайна.

-Аврах ажиллагаанд олон өдрийн зарцуулах тохиолдол цөөнгүй бололтой. Эрлийн ажиллагаа олон хоног үргэлжлэхэд аврагчдад тухайн өдрүүд хэрхэн өнгөрөх үү?

    -Аврагчид, ар гэрийнхэн алв алинд нь хүнд өдрүүд үргэлжилдэг. Олон хоног усанд шумбаж алга болсон иргэнийг хайна. Зарим тохиолдолд ар гэрийн гишүүд нь хамт явж байдаг. Эсэн мэнд олчих юм сан гэсэн бодолтой ажилдаг даа.

-Аюулд орсон иргэн бүрийг аврахыг хүссэн ч чадалгүй, иргэн осолдсон үе гардаг байх. Тийм үед сэтгэл санаагаа хэрхэн бэлддэг вэ?

    -Бид тийм үед сэтгэл зүйг тайван байлгахыг хичээдэг. Бидэнд сэтгэл хөдлөлөө ил  гаргах эрх байхгүй. Нас барсан иргэнийг цагдаа болон шүүхийн шийдвэрт хүлээлгэн өгдөг. Сэтгэлээр унаж, ажлаа цалгардуулах эрх байхгүй шүү дээ. Авран хамгаалах ёстой олон хүн бий.

-Иргэд дуудлага өгөх үедээ буруу хаяг хэлэх, автозамын түгжрэл албан хаагчдыг цаг алдахад нөлөөддөг гэсэн. Ийм тохиолдол цөөнгүй гардаг уу?

     -Одоо машинтай иргэд замыг сайн чөлөөлж сурч байгаа. Заримдаа дуудлага өгсөн иргэд хаяг байршлаа буруу хэлж өгнө. Энэ бүгд бидний шуурхай, цаг алдалгүй очиход нөлөөлдөг. Ер нь иргэд дуут дохиотой машин явж байвал аль болох хурдан замаа чөлөөлж өгч байгаарай. Бид чинь минут, секундтэй уралдан хүний амь насыг аврахыг төлөө явж байгаа хүмүүс шүү дээ.

-Цаашдын мөрөөдөл зорилгоосоо хуваалцаач?

    -Онцгой байдлын газартаа үргэлжлүүлэн хичээж ажиллаад , олон хүнийг аюулаас авран хамгаалмаар байна. Илүү их зүйл сурч мэдэхийг, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсэж байна.

-Хамтдаа зүтгэж байгаа мэргэжил нэгт албан хаагчдадаа хэлэхийг хүсдэг үг байгаа юу?

    -Бид бүхэн нэг албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа хүмүүс, цаашдаа улам их хичээж ажлаараа. Онцгой байдлын газрын албан хаагч гэдэг хамгийн сайхан ажил, албаараа их бахархаж явдаг. Нийт албан хаагчид эрүүл энх, ажлаа нэр төртэйгөөр гүйцэтгэхийг хамтдаа хичээцгээе гэж хэлмээр байна.

-Өргөсөн тангарагтаа үнэнч байж олон иргэнийг аюулаас авран хамгаалаарай.

    -Баярлалаа.

Эх сурвалж: Ergelt.mn

scroll to top