Би хэрхэн ажилладаг вэ? Гал сөнөөгч С.Алтансүх

25c70a28a37d5c0b8bcf629b0caba44c.jpg

Г.Оюунлхам

Өнөөдөр бол олон улсын гал сөнөөгчдийн өдөр. Эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг амь биеэрээ авран хамгаалж яваа эдгээр чимээгүй баатруудаа энэ өдөр л онцлохоор бид Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийг хэрэг болгон зорьсон билээ. Төсөөлж байсанчлан эрс шулуун зантай, эрүүл чийрэг эрс эелдэг найрсагаар хүлээн авсан бөгөөд ажлын орчин нь хийж буй ажлаас үл шалтгаалан тоос хальтрам цэвэр цэмцгэр байх нь сэтгэлд нэн таатай аж. Дуудлагагүй үедээ ээлжээр хоолоо хийж, машинаа угаах мэтээр үргэлж завгүй ажиллах хамт олны дундаас бид албандаа 15 жил тасралтгүй ажиллаж байгаа гал сөнөөгч С.Алтансүхтэй ярилцаж, гал сөнөөгчдийн ажлын онцлог, арга барилтай танилцан, халуун дотно хөөрөлдсөн юм. 
Аливаа аюул эрсдэлийн өөдөөс эрслээд орох зориг зүрхтэй ч, алдар гавьяаг нь ярих бүрд ичингүйрэн зовж, ярианы сэдвийг өөрт бус багтаа хандуулах тэдний хандлага, үгс бүр зүрхэнд саадгүй хүрэх нь бахадмаар бас баярламаар. 

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн гал сөнөөгч, холбоочин
Хэрэглэдэг гар утас: Realme, Samsung
Сошиал хуудсууд: Сэргэлэн Алтансүх (Фэйсбүүк)

Яг одоо бид танд Би хэрхэн ажилладаг вэ? булангийн магад хамгийн адал явдалтай, адармаатай хийгдсэн ярилцлагыг хүргэх гэж байна. Орох үүднээс эхлээд л тэд галын дуудлага ирвэл ярилцлага хэзээ ч тасарч болохыг урьдчилан сануулсаар байсан тул сэтгүүлч би хүслээ хясан, зочноо аль болох хурдан, цэгцтэй яриулахдаа анхаарсан юм. Гэсэн ч хичээл зүтгэлээс минь үл шалтгаалан хөөрөлдөөн үргэлжлэх цаг гаруйхан хугацаанд л гэхэд зүрх савлам хонхны дуу хоёронтоо жингэнэж, учир байдлаа ойлгож ч амжаагүй байхад минь шуурхайн дохио хангинуулсан галын машин үүдээр гарч одох аж. Хэдхэн секундын дотор шүү дээ. Ийм л түгшүүртэй хэр нь бидний хувьд цоо шинэ ертөнцөд өрнөсөн онцлууштай яриаг танд хүргэе.

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Энэ ажил мэргэжлийг сонгох болсон шалтгаанаас эхлэх нь зөв байх. Аав, ээж хоёр минь хоёулаа Онцгой байдлын байгууллагад насаараа ажилласан салбарын хүмүүс. Ганц аав, ээж хоёр ч биш эмээ, өвөө гээд л гэр бүлээс маань энэ салбарт ажиллаж, тэтгэвэртээ гарсан нэлээд хэдэн хүн бий. Тэгэхээр би удам залгаж, ажил мэргэжлээ өвлөн авч яваа хүн нь юм. Онцгой байдлын салбар ойр дотно санагддаг байсандаа ч юмуу, ЕБС-иа төгсөөд, оюутны ширээнд суув уу, үгүй юу л сургуулиа орхиж, албандаа элсэж байлаа.

Анх ажилд орж байхад буюу 2007 онд төв гал командад шинээр орсон хүнд цол өгдөггүй байсан юм. Ингээд нэг жил хичээн ажиллаад дэд ахлагч, хоёр жилийн дараа ахлагч, гурван жилийн дараа ахлах ахлагч цолоо авч байв. Гал сөнөөгч бүрийн бахархал болох “Онц гал сөнөөгч” шагналыг 2017 онд гарсан “Говь” ХК-ийн үйлдвэрийн байрны дээвэр дээр гарсан галыг унтраах ажилд оролцоод авсан. Олон цаг үргэлжилсэн энэ түймрийн ажилд галын машин усаа сэлбэх 5-10 минутын дотор, галын шатан дээрээ сууж, нүдээ жаахан амраагаад л тасралтгүй ажилласан. Дараа нь гурав хоног хав хар шүлсээр ханиасан хүнд галын нэг байсан шүү.

Одоогоор гал сөнөөгч, тэр дундаа нэгийн номерын хошуучийн гал сөнөөгч, холбоочны үүргийг гүйцэтгэж байна (Нэгийн номерын хошуучийн гал сөнөөгч, холбоочин: Туршлагатай гал сөнөөгчид нэгийн ээлж буюу эхэнд явах баг болох бөгөөд холбоочин нь талуудыг шаардлагатай мэдээллээр хангаж, гал унтраах шуурхай арга хэмжээ авч ажилладаг).

Нэг мэдэхэд л 15 жил өнгөрчээ. Мэдээж энэ хугацаанд маш олон галын ажиллагаанд оролцсон. Өндөр барилгын, ойн түймрийн, томоохон байгууламжийн, ахуйн гээд л…

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Онцгой байдлын алба хаагчдын хувьд бүх зүйл цагийн хуваарийн дагуу явдаг. Өглөө эрт ээлжээ авна. 09-12 цагийн хооронд гал унтраах дасгал сургуулиа хийнэ. 12 цагаас хувийн бэлтгэлээ хийгээд 13 цагт өдрийн хоолондоо орно. Ингэхдээ гал тогоондоо ээлжээр хоолоо хийдэг. Дараа нь зэвсэглэлийн бүрэн бүтэн байдал, цэвэр цэмцгэр байдлыг хангана. 15-17 цагт жагсаалын бэлтгэлээ хийгээд 18 цагт оройн хоолондоо орно. Үргэлжлүүлэн хувийн ариун цэвэр, бэлтгэл бэлэн байдлаа хангаад 21-23 цагт соён гэгээрүүлэх хичээл сургалтад хамрагддаг. Ингээд л амрах цаг болно доо.

Дунд нь дуудлага ирэхэд хийж байгаа бүх зүйлээ орхиод шууд гарах ёстой. Гал биднийг хүлээхгүй шүү дээ. Энэ байдлаар өдөрт багадаа гурван дуудлага ирэх бөгөөд хамгийн их ачааллын үедээ нэг өдөрт 18 дуудлагад гарч байсан. Зуны цагт 32 секунд, өвлийн цагт 58 секундын дотор бүгд бэлэн болж, ангиасаа гарсан байх стандарттай.

Төв байгууллага, Онцгой байдал гэдэг утгаараа бараг л амралт үгүй. Ээлжнээс буугаад гэртээ харилгүй хавартаа шар усны эргүүлэг, зундаа түймэрт явчихна. Өвөл бол дуудлага тасарна гэж үгүй. Зун түймэрт явчихвал хэдэн сараар ирэхгүй байх нь ч бий.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Дайны цагт хөлс их урсвал энхийн цагт цус бага урсана. Энэ бол манай албаны гол зарчим. Энгийн үед хэдий чинээ сайн бэлтгэл сургууль хийнэ тэр чинээгээр наанадаж галд шатаж болох байсан олон сая төгрөгөөр тоологдох эд хөрөнгө, муугаар бодоход эрдэнэт хүний амь нас, бүр цаашлаад өөрсдийн амь насаа алдахаас сэргийлж чадна. Тиймдээ л ямар ч үед дасгал сургуулилтыг нүд хуурах гэж биш, өөрсдийнхөө төлөө хичээнгүйлэн хийдэг. Усанд орсон юм шиг болтол хөлөрч бэлдэнэ шүү дээ. Цаг агаар муу, гадаа гарах боломжгүй өдөр гэхэд хувцас хэрэглэлээ хурдан өмсөж, тайлах бэлтгэлээ секунд харж байгаад л хийнэ.

Бас нэг нөү-хау нь эрүүл чийрэг бие. Мэдээж энэ албанд анхнаасаа л бие бялдар сайтай, эрүүл залуусыг авах нь тодорхой. Хэдий их хүссэн ч эрүүл л биш бол хийх боломжгүй ажил шүү дээ.

Ажиллаж байсан хамгийн хүнд гал түймэр?

Албанд ороод удаагүй байхад 2008 онд МАХН-ын байр шатсан. Улс төрийн үймээний үе байсан тул галын дуудлага аваад очиход жагсагчид чулуу шидээд оруулаагүй л дээ. Тэгээд эргэж яваад төмөр машинаа унаад ирсэн. Мэдээж машин маань чулуунд яагаа ч үгүй. Гэхдээ машинтайгаа барилга руу орж болохгүй шүү дээ, машинаасаа буугаад барилга руу нэвтрэх хэрэгтэй. Тэгээд 51 мм-ийн хоолойгоо толгой дээрээ барьж бамбай болгоод л ах хүүгийн хамт хоёулахнаа ороод ажилласан. Гал унтрааж байх үед ч хүмүүс чулуу шидсээр байсан учраас гаран дээрээ их том, тод сорвитой үлдсэн дээ.

Мөн “Голден Парк” хотхоныг барьж байх үед барилгын каран дээр нь гал гарсан юм. Тэр дээр байгаа каран дотроо мэдээж их хүйтэн, ажилтан нь хөл доороо тень тавьж дулаацдаг ч нэг удаа түүнийгээ унтраахаа мартсанаас болоод авалцсан галын дуудлага байсан. Өндөр барилга барьж байсан каран гэхээр түүнээс өндөр байж таарна. Гэтэл манайд тэр өндөр дээр гарах шат, техник одоогоороо ч байхгүй. Гал сөнөөгчдийн хувьд ямар нэг арга хэмжээ авах л ёстой болохоор яах ч аргагүй ядаж нэг нь каран руу авирч, хуурай задаргаа (ус, техникгүй гар ажиллагаа) хийх шаардлагатай болж байгаа юм.

Үндсэндээ амь насанд шууд эрсдэлтэй ажил гэсэн үг. Тэгэхэд бид дөрвүүлээ байлаа. Би хамгийн бага нь. Нэг ах маань “Гурав дахь хүүхэд маань удахгүй төрнө, ах нь амиа дэнчинд тавьж болохгүй” гэв. Нэг нь бас л балчир хүүхэдтэй байсан бол нөгөө нь масстай учир дээш хурдан авирч чадахааргүй байлаа. Ингээд л сонголтгүй гарах болов. Дээр авираад ортол өөдөөс гал тургиад, цахилгааны бүдүүн утаснууд жаахан шүргэхэд л тэнгэр задарч байгаа юм шиг дуугараад галын хажуугаар, маш их цочоож байсан. Тэгээд доош орилж, доодох талбайг суллуулаад хөлөөрөө жийж дотор байсан бүхнийг түлхэж унагасан. Гутлаас бараг л юм үлдээгүй. Энэ мэтчилэн Их дэлгүүрт гарсан гал, 13 дугаар хорооллын “East” төвийн гал гэх мэт 24 цаг үргэлжилсэн их галуудад цөмд нь ажилласан.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Энэ шанзны багажаа (ирт алх) их хэрэглэнэ. Ямар ч ажиллагаанд маш их хэрэг болдог. Жишээ болгож нэг явдал ярья. Галд хамгийн амархан, хурдан шатдаг сууц нь гэр байдаг л даа. Юу юугүй л авалцчихна. Нэг удаа шатаж байгаа гэрт орж, хүүхэд аврах байсан юм. Үүдээр нь ороод хүүхдээ авч, энгэртээ хийчхээд эргээд гарах гэтэл боломжгүй болчихсон. Энгэрт хүүхэд байгаа болохоор тэрийн бүр өөрийнхөөрөө хөдөлж болохгүй байлаа. Тэгэхээр нь шанзны багажаа аваад ханыг нь цохиж, сэтлээд гарч байсан. Энэ мэтээр аврах ажиллагаа бүрд энэ багаж минь гойд их хэрэг болдог.

Мэдээж нэмээд зориулалтын усны гутал, хувцас хэрэглэл, машин техник байна.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хурд, бэлтгэл, багийн ажиллагаа.

Хурдтай байж л эрсдэлийг бууруулна. Бэлтгэлтэй байж л хүний амь насыг, өөрийнхтэйгээ хамт хамгаална. Тэгээд хамгийн чухал нь нэг хүн гал унтраана гэж хэзээ ч үгүй. Багийн ажиллагаа өндөр түвшинд байж л богино хугацаанд амжилттай ажиллана. Багийн зохион байгуулалт өндөр түвшинд, үггүйгээр биесээ ойлгодог болох нь цаг хэмнэх хамгийн сайн арга.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Төлөвлөх боломжгүй дээ. Ээлж буусан ч үргэлжлүүлээд өөр төрлийн дуудлагад гараад, тэр нь дуусах үед ээлжээ авах өдөр хэдийн болчихсон байдаг. Үүнийг бид “тулаа” буюу тулаан гэж ярьдаг юм. Тулж давхцаад л үйл явдал өрнөж өгнө. Иймд юм төлөвлөх, хүнтэй цаг ярихад их төвөгтэй. Үүнтэй холбоотойгоор манай алба хаагчид дунд гэр бүл салах, хувийн амьдрал хаягдах гэх мэт асуудал олон гардаг. Аргагүй л дээ, гэр бүлийн хувьд урт хугацаандаа ойлгож, тэвчихэд яах аргагүй л хүнд байдал шүү дээ. Тиймд Онцгой байдлын албаныхны гэр бүлийн хүмүүсээр бахархдаг.

Миний хувьд гэр Дарханд. Жилдээ гэртээ цөөн хэд л харина. Энэ асуудлаас болоод сүүлийн хэдэн жилд хоёр охиноо өөр дээрээ аваад өсгөж байгаа. Үүнд бусдын тусламж ч их хэрэг болно.


7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Өдөр тутмын бэлтгэл, хамт олноосоо юмуу даа. Яг үнэндээ эрч хүч гэж ярих, товчхондоо бол эморох цаг хомс шүү дээ (инээв). Бие л эрүүл байвал хонхны дуутай уралдаад, яаралтай дуудлага аваад явж өгнө.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Үндсэн ажлын хажуугаар ажил хийх боломж бараг л байхгүй. Ялангуяа гэр бүлтэй бол бүрэн боломжгүй гэж хэлэхэд болно байх. Эсвэл нөгөөх ажил нь зөвхөн зөвлөөд өнгөрдөг эсвэл цагийн хувьд маш уян хатан байж л хийж амжих болов уу. Миний хувьд үндсэн ажлын хажуугаар аль болох хүүхдүүддээ, ар гэртээ цаг гаргах, ахиад цаг олдвол найзуудаараа нийлж компьютер тоглоомж тоглож, алжаалаа тайлахыг боддог. Тэр чинь л тансаглал болоод явчихна шүү дээ.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРхШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эерэг сайхан нь мөнгөөр тоологдох ч боломжгүй олон үнэ цэн, амь нас, хөрөнгө мөнгийг хамгаалдаг явдал. Жишээ нь, ойн түймэрт гэхэд маш олон ан амьтад өртөж, өдий төдий мод ургамал үхэждэг. Бид л очихгүй бол тэр гал урт удаан үргэлжилж, үнэлэх боломжгүй их хохирол амсана шүү дээ.

Нэг жил явсан ойн түймрийг санаж байна. Машин явах боломжгүй, мориор явбал хоёр хоног яваад дөнгөж захад нь хүрэхээр байсан тийм хүнд бартаатай газар. Мэдээж хоёр хоног хүлээж цөхөхгүй тул нисдэг тэргээр очсон. Дээрээс нь харахад үнэхээр гунигтай. “Хүмүүс минь яагаад?” л гэж бодогдоно. Техник ч очих боломжгүй газар байсан болохоор яаж унтраах талаар ямар ч санаагүй байсан. Гэлээ ч “Нэгэнт ирчихсэн юм чинь үзнэ дээ” гээд л буусан даа. Цүнхэндээ гурав хоногийн хүнс, усны нөөцтэй буусан болохоор нисгэгч гурав хоногийн дараа ирэх ёстой байлаа. Гэсэн ч нөхцөл байдал хүндэрч товлосон өдөр нисдэг тэрэг ирсэн ч тэр их утаанд биднийг ололгүй буцаад яваад өгсөн. Ингээд бид цүнхэндээ байсан хүнсээ нэгтгэхэд 5 кг гурил болсон юм. Түүгээрээ цай чанаж, найруулж уугаад л ажиллаад байсан. 12 хоночихсон билүү дээ. Ирэхэд алга болсон гал сөнөөгчид гээд бөөн нийтлэл, мэдээ гарчихсан байсан. Хэдий хэцүү ч бид очоогүй бол шатах байсан газар нутгийг бодохоор сайхан санагддаг юм. Энэ мэт мэдрэмж нь сайхан.

Хэцүү бэрхшээлтэй нь нүдний хараа. Байнга утаа тортог, хэт халалтын өөдөөс хардаг болохоор хараа их муудна. Тэглээ гээд албанд шил зүүх зохимжгүй байдаг л даа. Бас нийтээрээ нурууны асуудалтай болчихдог. Гайхалтай нь гэвэл эмнэлгийн үзлэгт ороход бидний дотор эрхтнүүд зүгээр гардаг ш дээ. Уг нь улаанаараа эргэлдсэн гал дунд ч хэдэн минут унтаж чаддаг болтлоо байнга утаанд ажилладаг, жирийн үедээ ч утаа угаар ихтэй хотод амьдардаг, тэгээд өөрсдөө нэмээд тамхи татчихдаг болохоор уушги, зүрх гэж авах юмгүй байгаа болов уу гэхээр л зүгээр байдаг юм. Бодвол уг бие сайтай, байнгын дасгал хөдөлгөөнтэй, хороо хөлсөөрөө сайн гадагшлуулдагийн л ач тус байх даа.


10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Ойрд тактикийн тэмцээнүүддээ бэлтгэж байна. Төв байгууллага гэдэг утгаараа бид Онцгой байдлынхны дунд зохиогддог марш тактикийн болон галын бэлтгэлийн уралдаанд байнга эхний байруудад ордог. 15 жил оролцохдоо 12 алт, хоёр мөнгө авч байсан. Удахгүй болох тэмцээнд багаа ахлаад орж байгаа. Тэндээ хүч тавин бэлдэж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Туршлага л их хөгжүүлдэг. Туршлагажихын тулд нэгд ажиллаж байгаа албандаа тууштай, хоёрт хөдөлмөрч, гуравт зоригтой байх хэрэгтэй болдог. Манай албанд 10 хүн зэрэг орж ирлээ гэхэд таван жилийн дараа 30 хүрэхтэй үгүйтэй хувь нь л үлдсэн байдаг л даа. Уг нь анхнаасаа хэцүү хүнд ажил гэдэг нь тодорхой, тэрийг ойлгоогүйгээр санамсаргүй ороод ирнэ гэж байхгүй шүү дээ. Иймд чадна аа гээд ороод ирсэн л бол өөртэйгээ тэмцээд, сурч хөгжихийн тулд бүхний түрүүнд давшаад л байх хэрэгтэй. Ер нь ямар ч зүйлийн эхлэл хүнд байдаг. Түүнийгээ амжилттай давчихвал урдах зам ч тодроод ирдэг. Харамсалтай нь тэр үеэ давж чаддаг нь ховор.

Ер нь мэргэжлийн онцлогоос, бас олон эрс нэг дор ажилладаг газар учраас юмны ард суусан, ажлын ард хоцорсон, биеэ нөөсөн залууст дургүй. Зарим нэг тохиолдолд бодлогын чанартай албанд орж ирдэг залуус байна л даа. Тэгээд л зарим нэг давуу талаараа түрий бариад, шаардлага хүлээн авахгүй “Яагаад би хийх ёстой юм, би ийм юм хийж чадахгүй, тийм хүн биш” гээд л сээхэлзэх нь бий. Ганц энэ ажлын хувьд ч биш, бүх л ажилд чадна хийнэ, энэ хамт олны нэг болно гээд ороод ирсэн хэрнээ энэ мэт явуургүй хандлага гаргаад байвал амьдралд ч, аль ч газарт өөрийгөө хөгжүүлж, өсөн дэвжиж чадахгүйн шинж гэж боддог. Тиймээс зоригтой, хэлснээ хийдэг, хийснийхээ хариуцлагыг хүлээж чаддаг, хөдөлмөрч, юмны ард суудаггүй хүмүүст дуртай. Тэр нь ч бидний хувьд өөрсдийгөө хөгжүүлж, суралцдаг гол арга барил.


12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Хөгжим сайн сонсоно. Төрөл жанраар голохгүй. Өөрөө сонговол Nirvana, Eminem, Linkin Park зэрэг хамтлаг, дуучдын хүчтэй дуунууд тавьчихдаг. Киноны тал дээр харин их зөөлөн, драмлаг кинонуудад дуртай. БНСУ-ын “Өндөр өсгийт” гээд киног санал болгоё.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Албанд ороод удаагүй байхад ах хүүгийн хэлсэн зөвлөгөө их хэрэг болсон. Шинэ залуу гал сөнөөгчдийн хувьд их гал дунд ороод агааргүй болоод амьсгал нь боогдоод ирэх ч юмуу, гал дотроо төөрөөд, үүд хэсэг хаана байгааг, орж ирээд хэдэн алхам явснаа ч мэдэхээ больж паникдах үе гардаг. Тэр үед “Газартай 50 мм-ийн зайнд нүүрээ нааж яваарай. Ямар ч их галтай газар шалан дээрээ жаахан ч гэсэн агаартай байдаг. Тиймээс их галд нүүрээ хамгаалж, агаараа дагаад гарцаа олж бай” гэж зааж өгсөн. Энэ зөвлөгөө л их хэрэг болсон доо.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хэдийгээр биднийг “чимээгүй баатар”, “авран хамгаалагчид” гэж үе, үе их л алдаршуулдаг ч бодит байдал дээр хөөсрөл байдаг. Хүмүүс тааламжгүй харьцах үе нь зохистой харьцдагаасаа их гэж болох байх. Мэдээж ид ажлын үед үс зүс, хувцас хунар цэвэр байх нь боломжгүй. Тэгэхэд л ажлаа хийж яваа алба хаагч гэдгээр нь биш арай өөрөөр хардаг шиг байгаа юм. Хандлага их муутай. Битгий тийм байгаарай гэж хэлэх байна.

Гэр хороололд гал гарлаа гэхэд хаягийг нь олох их хэцүү. Цаг хэмнэх үүднээс хэн нэг нь биднийг тосоод замчлаад өгөөрэй гэхэд гарч ирдэггүй, “Машин чинь дуугараад байна, олоод ирээч” гээд уцаарлах жишээтэй. Манайд олон улсад байдаг шиг нарийн дижиталчилсан газрын зураг байдаггүй болохоор яарсан үед газраа олох энэ мэтчилэн их хүндрэлтэй. Орон сууцны хороололд бол том машин орох боломжгүй машин тавьсан байдаг. Тиймээс ойр хавьд чинь гал гарсан тохиолдолд иргэн бүр сэрэмжтэй байж, галын машинд хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллаж байгаарай.

Бас ихэнх галын шалтгаан нь хүмүүсийн буруутай, хайнга үйлдлээс болж гардаг. Түүнээс болж насан туршдаа харамсаад барамгүй, эсвэл төлөөд барахгүй их зовлонд унах нь бий. Тиймээс хүн бүрийг дор бүрнээ сэрэмжтэй байж, галын аюулаас өөрийгөө болон өрөөлийг, байгаль дэлхийгээ хамгаалж, хайрлаж яваарай гэж хүсье.

Unread-ийн зүгээс Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа нийт албан хаагчид тэр дундаа үе, үеийн гал сөнөөгчдөдөө Олон улсын гал сөнөөгчдийн өдрийн мэндийг дэвшүүлье. Та бүхний үйлс бүхэнд баярлалаа.

Эх сурвалж: unread.today.mn

scroll to top