Тэргүүн ахлагч, аврагч Х.Цогбадрах: АЮУЛД ОРСОН ИРГЭНИЙГ АВАРЧ АМЖИЛГҮЙ ГАР ДЭЭРЭЭ ҮХҮҮЛЭХ Л ХЭЦҮҮ

thskzm.jpg

Бид онцгой байдлын салбарт 18 жилийн турш ажиллахдаа 2500 аврах ажиллагаанд оролцож,  1100 хүний амийг аварсан тэргүүн ахлагч, аврагч Х.Цогбадрахыг энэ удаа онцолж байна. Түүнтэй 18 жилийн туршид ажлын талбар дээр нь тохиолдсон сайн сайхан, болон хүнд хэцүү зүйлсийг ярилцлаа.

-Та бүхнийг олон нийт эгэл баатрууд гээд л бахархаж хүндэлж ярьдаг шүү дээ. Мэргэжлийн хувьд сайн муу зүйлс хосолж л явдаг байх. Энэ талаараа ярихгүй юу?

-Манай аврагчид нэр төртэй албанд ажиллаж, хүний эрдэнэт амь нас, ААН-ийн эд хөрөнгийг  авран хамгаалан буянтай зүйл хийдэг учраас өөрөөрөө болон мэргэжил нэгт нөхдөөрөө их бахархдаг. Аврах ажиллагаа болгон өөр өөрийн онцлогтой. Тэр дунд хэцүү бэрхшээлтэй асуудлууд ч цөөнгүй бий. Эдгээрээс аюулд орсон иргэнийг аварч амжилгүй өөрийн гар дээр амьсгал хураалгах тун хүнд мэдрэмж өгдөг. Энэ тохиолдолд нийт аврагчид төрөл садан, үр хүүхэд, эцэг эхээ алдсан мэт харамсаж гутардаг. Би 2015 онд Туул голд усны сэрэмжлүүлэг хийж явсан юм. Тухайн үед эхнэр нь живээд нас барсан байсан. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд ч ухаан ороогүй л дээ. Тэр үед хүүхэд нь хажууд нь уйлаад үнэхээр хүнд байсан. Яг гар дээр өнгөрөх тун хэцүү.

-Харамсалтай зүйл болжээ. Одоо ч аврагчдын багаж хэрэгсэл сайжирсан бололтой байдаг. Урд нь аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байв уу?

-Олон жилийн өмнөх явдал санаанд орлоо. Хүүхэд мөсөн дээр тоглож байгаад харз усан хэсэгт унасан гэх дуудлага ирж байсан юм. Хүүхдийг хайж 7-8 хоног аврах ажиллагаа явуулж байлаа.  Өдөр хоног өнгөрөх тусам харз ус нарийсаж хөлдөөд. Бид бүхэн тэр үед багаж хэрэгслээр дутмаг байсан шүү дээ. Гүний шумбалтын багаж ч гэж байдаггүй байлаа. Нойтон хувцастай өвөл мөсөн доогуур шумбалт хийнэ гэдэг чанга. Ингээд цогцсыг нь олоод ар гэрт нь хүлээлгэж өгч байлаа. Маш харамсалтай.

Усанд маш харанхуй, барьц байхгүй, багаж хэрэгслээ сайн эзэмшсэний хүчинд аврах ажиллагаагаа явуулдаг байв.

-Цогцос хүлээж авах ч юм уу, иймэрхүү нөхцөлд их айдастай байх уу?

-Аврагч өөрөө айдастай байж хүний цогцсыг гаргах, өндрөөс буух гэх мэт аврах ажиллагаа явуулна гэж үгүй. Тиймээс айдсаа мартах хэрэгтэй болно.

-Ингэхэд яагаад аврагч болсон бэ?

-Миний хувьд багаасаа цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Мөрөөдөлдөө хөтлөгдөөд 2004 онд манай энэ анги иргэний хамгаалалтын анги байхад би албандаа орж байлаа.

-Аврагчид ямар ч цагт бэлэн байх ёстой гэдэг. Энэ нь тухайн аоба хаагчйин ар гэрийнхэнд хүндрэлтэй санагддаг?

-Онцгой байдлын албан хаагчид хэдийд ч дуудахад бэлэн байх ёстой. Утсаа унтраах эрхгүй. Ар гэрийнхэн эхэндээ дургүйцэх үе байдаг байсан. Одоо дасан зохицоод тийм зүйл байдаггүй.Би утсаа биенээсээ салгаж үзээгүй.

-Сая аврах ажиллагааны хүнд хэцүүг ярилаа. Өөрөөрөө бахархаж байсан үеэ хуваалцаач?

-Завьт эргүүлээр явж байхад усанд осолдсон таван хүний амийг аварснаа мартдаггүй. Тэр үед өөрөөрөө их л бахархаж байлаа. Мөн тэдгээр хүмүүсийг яасан азтай хүмүүс вэ гээд тухайн үедээ бодож байсан. Тийм тохиолдол маш олон байдаг.

-Танд хэлмээр байгаа зүйл байна уу?

-Эцэст нь манай онцгой байдлын аврагч, гал сөнөөгчид албандаа итгэлтэй, албаараа бахархаж, хоёргүй сэтгэлээр зүтгэвэл амжилтад хүрэхэд ойрхон байдаг шүү гэж шинэ аврагчиддаа хэлмээр байна. 

-Баярлалаа.

scroll to top