Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 12-р сарын 1, 2-нд  нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи 29-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 30 болон 12-р сарын 1, 2-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт багийн 13 дугаар гудамжинд иргэн Г-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 10:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 11:35 цагт очиж, 3х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6  дугаар хороо, “Байгаль” амралтын газарт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 10:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 21 км замыг туулан 11:02 цагт очиж, тус амралтын газар иргэн  Б-ийн  3х3 метрийн хэмжээтэй зуслангийн байрны дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг дахь УБТЗ-ын харьяа Дархан зангилааны “Замын татах хэсэг”-ийн автомашины зогсоолд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 13:03 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 13:06 цагт очиж, иргэн З-ын эзэмшлийн “Исузу U-FTR32HB” загварын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 14:05 цагт очиж, иргэн С-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар  хороо, Хилчний 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 19:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар  ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 19:43 цагт очиж, иргэн Б-ын 10х9 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top