О.Оюунболд: Унтраасан гал болгоноосоо УХААРАЛ тээж үлддэг

Ontsgoi_01-002424-698812540.jpeg

Өнөөдөр олон улсын гал сөнөөгчдийн өдөр тохиож байна.

Өнөөдөр олон улсын гал сөнөөгчдийн өдөр тохиож байна. Бусдын амийг аврах эрсдэлтэй агаад хүндлэм үүргийн эздэдээ баярын мэнд дэвшүүлэхийн сацуу мэргэжлээрээ 20 орчим жил ажиллаж буй Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч О.Оюунболдын ярилцлагыг хүргэж байна.

Сурагчийн ширээнээс дөнгөж холдоод л гал сөнөөгчөөр ажиллахаар зориг шулуудсан тэрээр мэргэжилдээ хайртай, үүрэгт ажлаа биелүүлэхийн сацуу ирээдүйн гал сөнөөгчдийг бэлтгэн ажиллаж буй нэгэн юм.

Ингээд дөрвөн хүүгийн аав, эгэл алба хаагч О.Оюунболдын ярилцлагыг хүлээн авч уншина уу.

-Сайн байна уу. Танд олон улсын гал сөнөөгчдийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу. Намайг О.Оюунболд гэдэг. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч цолтой. Энэ салбарт хөл тавиад 19 жил болж байна.

-Гал сөнөөгч мэргэжлийг яагаад сонгож байсан бэ?
-Арван жилийн сургуулиа төгссөнийхөө дараа найзыгаа дагаад гал сөнөөгч болсон. Тухайн үед ангийн найз маань их гоё хувцаслачихсан гал сөнөөгч болсон тухайгаа ярьсан юм. Тэгээд л Онцгой байдлын албанд хүчин зүтгэх болсон доо.

-Энэ албанд ажиллаж эхлэхэд ямар санагдаж байв. Шаггүй хүнд хөдөлмөр шаарддаг мэргэжил шүү дээ?
-Анх ороход амаргүй байсан. Олон аавын хүүхдүүд дунд өөрийгөө хурцалж бэлтгэл, сургуулилтаа базаадаг байлаа. Эхлэл нь үргэлж хэцүү байдаг гэдэг үг байдаг шүү дээ. Ингээд тууштай бэлтгэл сургуулилт хийж, хэцүү байна гэж шантраагүй учраас өдий зэрэгтэй мэргэжилтэн болж чадсан.

“ГАЛАА УНТРААСНЫХАА ДАРАА МАШИНДАА СУУГААД БУЦАХ ЗАМД ХАЛУУН ЯРИА ӨРНӨДӨГ”

-Хамгийн анх галын дуудлага аваад явж байсан мөчөө эргээд санавал Та яг юу мэдэрч байсан бол?
-Хамгийн анх галын дуудлагаар очоод яаж тэр галыг унтрааснаа санадаггүй. Залуу хүн эрч хүчтэй, бас анхны дуудлага учраас очоод чадах бүхнээ хийнэ гэсэн итгэл өвөрлөөд л очиж байсан. Тухайн үед байшин шатаж байсан. 30-40 минут ажиллаж галыг унтраасан хэрнээ яг яаж унтрааснаа санадаггүй.

-Одоо гал сөнөөгчөөр ажиллаад 20 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Илүү туршлагажиж, арга барилаа тодорхойлж, бусдад үлгэрлэж яваа байх.
-Унтраасан гал болгоноосоо ухаарал тээж үлддэг. Галаа унтраасныхаа дараа машиндаа суугаад буцах замд халуун яриа өрнөдөг. Тэгж унтраасан бол, энэ талаас нь орсон бол яах байсан бол гээд л ярилцана. Хүн бүр өөрсдийнхөө бодлыг хэлнэ. Энэ галыг яг ингэж унтраах ёстой гэсэн томьёо байхгүй. Нөхцөл байдалтай уялдуулан газар дээр нь шийдвэр гаргаж ажилладаг.

-Та хэдэн шавьтай вэ. Тэдэндээ юуг захиж, зөвлөдөг бол?
-Надад гарын зургаан шавь бий. Таван шавь маань Хан-Уул дүүрэгт ажиллаж байгаа. Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангидаа нэг шавьтайгаа хамт ажиллаж байна. Бүгдэд нь л өөрийнхөө туршлагаас хуваалцдаг. Хэрэгтэй цагт нь зоригжуулахыг хичээдэг. Унтраахаар очсон гал болгоноо дараа нь бодох хэрэгтэй, өөр аргаар унтраасан бол яах байсан зэргийг тунгаах нь чухал гэдгийг захидаг. Шавь нарынхаа амжилтаар бахархдаг.

“ТЭСВЭР ХАТУУЖИЛТАЙ БАЙЖ, ХЭЦҮҮ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДАВЖ ГАРАХ НЬ ЭНЭ АЛБАНД ЗҮТГЭЖ БУЙ ХҮМҮҮСИЙН ҮҮРЭГ”

-Онцгой байдлыг албаныхны сэтгэлзүйг бэлдэх нь их чухал юм шиг санагддаг. Нүд хиртхийм хүнд нөхцөлтэй улаан нүүрээрээ тулдаг хүмүүс шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Алба хаагчийн сэтгэлзүй тогтвортой байх нь маш чухал. Тэсвэр хатуужилтай байж, хэцүү нөхцөл байдлыг давж гарах нь энэ албанд зүтгэж буй хүмүүсийн үүрэг. Тиймээс гал сөнөөгчөөр ажиллахаар бэлтгэгдэж байгаа залуус биеийн болоод сэтгэлзүйн ачааллыг даахад суралцдаг.

Нэг түүх ярихад шинэ гал сөнөөгч анхны дуудлагаар гал унтраахаар очоод алга болчихсон. Очсон хэд галаа унтраачхаад нөгөө нөхрийг хаачсан бэ гээд эрэл сураг болтол машиндаа ороод нуугдаад суучихсан байсан. Энэ мэтчилэн сэтгэлзүй бэлэн биш байгаагаас үүдэх асуудал гардаг.

– Та 20 орчим жил ажиллахдаа галаас олон хүний амийг аварсан байх?
-Амийг нь аврахаас илүү алдсан тохиолдол их байдаг учраас тоонд ач холбогдол өгдөггүй. Манай иргэд галын дуудлагыг оройтож өгөх нь элбэг. Тиймээс тэдэн хүний амь аварсан гэж бодож чаддаггүй. Харин алдсан хүнийг бодож шаналах нь бий. Галд хайртай хүнээ алдаад уйлж, ухаан нь балартаж байгаа хүмүүсийг харах маш хүнд. Жаахан эрт ирсэн бол аварч чадах ч байсан юм билүү гэх бодол л их төрдөг.

Ажил, үүргээ л гүйцэтгэж буй учраас би тэдэн хүний амь аварсан гэж хэлж чаддаггүй.

“ГАЛАА ЭРСДЭЛГҮЙ УНТРААЧХААД, БҮХ ЮМЫГ НЬ БҮРЭН БҮТЭН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨӨД БҮЧИЖ ЗОГССОН ОЛОН ХҮНИЙ НҮДЭН ДЭЭР МАШИНДАА СУУГААД БУЦАХ ГОЁ”

-Гал сөнөөгч болохыг хүсэж буй залууст хандаж та юуг захих вэ?
-Бие болоод сэтгэлзүйгээ бэлд л гэж захина. Тууштай хүн л энэ мэргэжлээр ажиллаж чадна. Бас энэ мэргэжлийн сайхан чанарт нь дурлаасай гэж хүсэж байна. Тэгвэл мэргэжлээрээ амжилттай ажиллахад тустай.

Галаа эрсдэлгүй унтраачхаад, бүх юмыг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгөөд бүчиж зогссон олон хүний нүдэн дээр машиндаа суугаад буцах гоё байдаг. Бид галын өөдөөс орж чаддаг эр зоригтой гэдгээрээ өөрсдийгөө урамшуулж зоригжуулдаг.

-Бидэнд гэр бүлээ танилцуулаач?
-Би ханьтайгаа гэр бүл болоод 15 жил болж байна. Дөрвөн хүүтэй. Хөвгүүд маань аавынхаа хувцыг ээжилж өмсөөд, булаацалдаад л гүйлдэнэ. Гэр бүлийнхэн маань миний мэргэжлийг хүндэтгэж бахархдаг юм шиг санагддаг. Хэзээ ч хамаагүй шуурхай дуудлага аваад явахад хань минь бүгдийг зохицуулаад авч явдаг.

“БИД НЭГ СЕКУНДИЙН Ч БОЛТУГАЙ ЭРТХЭН ОЧВОЛ ГАЛЫН ЭРСДЭЛИЙГ БАГАСГАЖ ЧАДНА. ТИЙМЭЭС ИРГЭДИЙГЭЭ ГАЛЫН БОЛОН ТҮРГЭНИЙ МАШИНД ЗАМ ТАВЬЖ ӨГЧ БАЙХЫГ УРИАЛЪЯ”

-Таны унтраалцаж байсан хамгийн том гал түймэр хаана гарч байсан бэ?
-2015 онд “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд гарсан галыг унтраахад их хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байсан. Галыг бүрэн унтраахад гурав хоногийг зарцуулсан. 2002 онд хойд хилээс урд хил рүү нэвт түймэр гарсан. Гал нь харагдахгүй үнс нурам л хийсээд байсан нь санагддаг. Унтраах аргагүй өөдөөс халуун төөнөөд. Галын бараа нь харагдахгүй байсан учраас зугтах шахам тэндээс холдсон. Өнгөрсөн хойно нь араас нь хөөж унтрааж байсан юм.

-Гал гарсан нөхцөлд иргэдэд анхааруулах зүйл бий юу?
-Замын түгжрэл л хамгийн том асуудал болдог. Одоо ч харьцангуй гайгүй болоод байна. Манайхан ухамсартайгаар зам тавьж өгч бидний ажилд дэмжлэг үзүүлэх нь нэмэгдсэн. Бид нэг секундийн ч болтугай эртхэн очвол галын эрсдэлийг багасгаж чадна. Тиймээс иргэдийгээ галын болон түргэний машинд зам тавьж өгч байхыг уриалъя.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.gogo.mn

scroll to top