Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн уулархаг нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 10 дугаар сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар 18-20 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Хан-Уул” хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн Ж-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 12:04 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 35 дугаар байрны гадна иргэн Б-ийн чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 13:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 13:10 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцогт багийн 13 дугаар гудамжны “Задгай”-д иргэн А-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.2 км замыг туулан 15:25 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн М/60 настай, эмэгтэй/ угаартсан байсан тул сумын эмнэлэгт, иргэн А /62 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн 7 дугаар гудамжинд иргэн К-ийн хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 19:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн 10 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 19:05 цагт очиж 2 цаг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Тахилт”-ын 4 дүгээр гудамжинд иргэн Л-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:19 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11 км зам туулан 17:32 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Л /37 настай, эрэгтэй/, С /8 настай, эрэгтэй/ нар өртөж бага зэрэг түлэгдсэн байсан тул НТТТ зөвлөгөө өгч, боолт хийн гэрт нь үлдээсэн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн “Өндөр-Улаан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 15 км/ “Хүннү тур” амралтын газраас нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн О /46 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 10.24-ний өдрийн 07:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр 10.25-ны өдрийн 09:00 цагт зогсоосон.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 13 дугаар байранд иргэн Б /14 настай, эмэгтэй/ алга болсон тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, Цагдаагийн газрын 75 алба хаагч, 1 нохой, 5 автомашин, ЗХ-ний 330 дугаар ангийн 30 алба хаагч, 1 автомашин, нийт 117 алба хаагч, 2 нохой, 7 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн барилгачидын талбайд эсэн мэнд явж байхад нь олсон тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн 15 дугаар гудамжинд иргэн Н-ын гэрээс Булган сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй/ 10.23-ны өдрийн 07:00 цагт гараад сураггүй болсон тул мөн өдрөөс тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул Ховд голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 10.25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 завь, 1 автомашинтай 10.25-ны өдрийн 15:50 цагаас эхлэн Ховд голын модон гүүрнээс Бугат сумын Цагаантүнгэ багийн “Хар-Үзүүр” гэдэг газар хүртэл 5 км усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоосон. 10.26-ны өдрийн 11:00 цагаас дахин эхлүүлнэ.

scroll to top