ШАР УСНЫ ҮЕРЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

zai.jpg

         Цаг агаар дулаарч уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй байна. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/27 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгасан. Тухайлбал:

  • Шар усны үер, булгийн болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх байгууллагуудын бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгон нэгтгэхийг Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨААТҮГ-т,
  • Үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний болон булгийн ус урсах жалга, сувагчлалын трасс, хамгаалалтын зурваст суурьшсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын газрын нөхөн олговрын тооцоо судалгааг нарийвчлан гаргаж танилцуулах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт,
  •  Хамгаалалтын бүсэд орсон барилга байгууламжийн үзлэг шалгалтыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний дотор хийж, хур хогийг цэвэрлэн усны урсах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, дүүргийн Засаг дарга нарт,
  • Үерийн хамгаалалтын болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлын зураг төсөв боловсруулах, гамшиг ослын үед ашиглагдах машин механизм, техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, парк шинэчлэлт хийхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон.

Нийт иргэдэд үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдрилыг өөрчлөхгүй байх. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.           

scroll to top