Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна

ayultai-shuu-6rddanxhru62oqpkb3axk5op6anlwwqo2gx890hw8cg.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хангай нурууны арын Чулуут,  Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Төгрөг, Увс нуурын савын Хариг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Буянт, Хариг, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна.

Мөн 07 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол  мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байна.

Иймд:

 -Үер, усны аюулын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,

-Үерийн аюултай бүс нутгаас нүүх,

-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,

-Өндөр хүчдэл, цахилгааны шонгийн дор гэр, сууцаа барихгүй байх,

-Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Голуудын усны түвшин буураагүй, үерлэж байгаа тул голын болон тогтоол усанд орох, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

scroll to top