Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана

J1A8648-6tycgcvruwrctr75sursg6gb9sr3no69y0dgz056u68.jpg

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлэл хийлээ.

  Сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, төрийн золголт, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, нутгийн зөвлөл, хамт олны золголт, цагаан сарын бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Шийдвэрийн дагуу аймаг, нийслэлд нийт 465 аж, ахуйн нэгж байгууллагаас гаргасан үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгааг зогсоож, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр зах, худалдааны төв, хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр зэрэг нийт 1585 үйлдвэрлэл, үйлчилгээний газарт хяналт тавин ажиллаж байна.  Мөн аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй 457 шашны байгууллагад олон нийтийг хамарсан шашин номын хурал, цуглаан, зан үйл зохион байгуулахгүй тухай мэдэгдэл хүргүүлээд байна.

  ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын оёдлын үйлдвэрүүдэд нийт 15640 ширхэг амны хаалт үйлдвэрлээд байна.

 Түүнчлэн Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 570 төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албад, мэргэжлийн ангийн нийт 462 гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 13840 хүн, 2045 автомашин, техник хэрэгслийг бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байгааг мэдээллээ.

Хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдэд хот, хоорондын зорчих хөдөлгөөнийг хаах эсэхийг хэлэлцэж, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл нийслэл болон орон нутаг руу орох, гарах хөдөлгөөнийг түр хаах шийдвэр гаргалаа.  Үүнд нислэг хамаарахгүй бөгөөд автобус, галт тэрэг, автомашинаар зорчих хөдөлгөөн хамаарах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top