Утаагүй нийслэлийн төлөө БХЯ, Онцгой байдлын газар хамтран ажиллаж байна

159A7856.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулан төвийн 6 дүүргийн 381 цэгт түлш түгээн ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин төвийн 6 дүүрэгт шуурхай штаб байгуулан, хөдөлгөөнт эргүүл ажиллуулж сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, түгээлтэд 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байгаа юм.

Энэхүү шийдвэрийн хүрээнд нийслэлийн иргэдийг эрүүл агаар, цэвэр орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах, сайжруулсан шахмал түлшийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор хотын төвийн 6 дүүргийн автомашин зорчих боломжгүй 25 өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Батлан хамгаалах яам, нийслэлийн Онцгой байдлын газар хамтран туулах чадвартай “ЗИЛ-131” маркийн 28 автомашинаар өдөр бүр түгээлт хийж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

scroll to top