Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 20-25 градус, Алтайн өвөр говь, говь болон зүүн аймгуудын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.   

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 03-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо, 4-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 5-6-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт хашаанд задгай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1,5 км замыг туулан 12:03 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 18:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14,5 км замыг туулан 18:31 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top