Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

zuvlul253_20191025032715.jpg

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлд үүсээд буй сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар нийслэлийн Онцгой байдлын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээллийг өгөв.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шуурхай удирдлагаар хангахын дээр, нийслэлийн төвийн 6 дүүргийн онцгой комисс 24 цагийн шуурхай штаб байгуулан түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавин ажиллаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт 182 тонн түүхий нүүрс хураан авч мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн гэдгийг мэдээлэлдээ дурьдсан юм.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас мөн мэдээлэл хийлээ. Тус газрын дарга С.Төмөрдулам Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт, норм дүрэм, түүний  хэрэгжилт нь газар дээрээ хэрхэн биелэгдэж байгаа талаар 2 төрлийн судалгааг хийсэн гэж ярилаа. Нийслэлийн нутгийн захиргааны 61 байгууллагаас үйл ажиллагаандаа мөрдөж байгаа 702 стандарт, 619 норм дүрэм, 15 байгууллагын дүрэм, 57 журам, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж, эрсдэл учруулж буй асуудлыг байгаль орчин, орчны тохижилт, инженерийн шугам сүлжээний ашиглалтын байдлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 54 албан хаагч, дүүрэг, хорооны Засаг дарга нартай хамтарч 14 хоногийн хугацаанд газар дээр нь очиж  5243 асуудалд талбайн хэмжилт, судалгааг гаргаж чиг үүргийн хувьд холбогдох байгууллагуудад судалгааг хүргүүлж ажиллажээ. Мөн тэрбээр “Дээрх судалгаа болон үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн дүгнэхэд стандарт, норм дүрмийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүй, хяналт хариуцлагын тогтолцоо сул, төрийн албан хаагчдын стандартын талаарх мэдлэг ойлголт хангалтгүй, байгууллагын чиг үүрэгт нь стандартыг мөрдүүлэх талаар заасан байдаг боловч уг ажлыг зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын ажил гэж бодож байна. Цаашид төрийн байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх, олон улсын жишигт нийцсэн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийг боловсруулах, төрийн байгууллагын албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна” гэв.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сайжруулсан түлш худалдах цэгээс хол, өндөрлөг газарт байрладаг бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сайжруулсан түлшийг тээвэрлэн хүргэж ажиллах, амьдралын баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэдэд сайжруулсан түлшийг олгох ажлыг зохион байгуулах, ямар ажил зохион байгуулсан талаар эргэж мэдээллэх, нийслэлийн 6 дүүргийн айл өрхүүдэд пийшин, зуух, яндангийн аюулгүй байдал, сайжруулсан түлшний зөв хэрэглээтэй холбоотой шаардлагатай зөвлөмж, мэдээ мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 03-ний өдрүүдэд айл, өрх бүрээр биечлэн хүргэх ажлыг зохион байгуулж ажиллах, Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар тус бүрээр сайтар хангаж, гүйцэтгэлд нь Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, үйлчилгээнд явах автобусны тоог нэмэгдүүлэх, автобус, машин агаарын бохирдолд хэрхэн нөлөөлж байгаа талаар хяналт тавих, шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг журамлах, сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой иргэдээс өгсөн дуудлагын дагуу түргэн шуурхай ажиллах боломжийг хангах зорилгоор “Таван толгой түлш” ХХК-ны дуудлага хүлээн авах 70119400 дугаарын утасыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дуудлагын утсанд холбох ажлыг шуурхай зохион байгуулах” зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

scroll to top