“Эрсдэлгүй хороо” аян амжилттай дүгнэгдлээ

b327b99f1411ea618e9f63bb890b07c4_4396.jpg

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Эрсдэлгүй хороо аяныг зохион байгуулах тухай” А/194  дүгээр захирамжаар “Эрсдэлгүй хороо” аяны удирдамжийг батлуулж, Нийслэлийн 380 жилийн ойг угтаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2019 онд дэвшүүлсэн “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгох” зорилтыг хэрэгжүүлэх, нийслэлийн “Шилдэг хороо, Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийн хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны үр дүнг иргэдийн оролцоотой дээшлүүлэх, нийслэлд гарч буй гал түймрийн дуудлагын тоо, хохирлыг  бууруулах зорилгоор “Эрсдэлгүй хороо” аяныг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нийслэлийн хороодод зохион байгуулсан.

Аяны хугацаанд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, хороодын Засаг дарга нар хамтран гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 138 удаа, гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх өдөрлөг, арга хэмжээг 107 удаа зохион байгуулж,  нийт 17693 өрх, 79495 иргэнд гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, мэдээлэл хүргэж ажилласан байна.

“Эрсдэлгүй хороо” аяны удирдамжид заасан шалгуур 10 үзүүлэлтийн дагуу хороодыг дүгнэсэн эцсийн дүнгээр 152 хорооноос 67 хороо буюу 44.1 хувь нь 90-100 оноотой, 74 нь буюу 48.7 хувь нь 81-90 оноотой, нийт 141 хороо буюу 92.8 хувь нь “Эрсдэл бага”, 7 хороо буюу 4.6 хувь нь 71-80 оноотой “Эрсдэл дунд”, 4 хороо буюу 2.6 хувь нь 70-аас доош оноотой “Эрсдэл их” гэсэн үнэлгээтэй тус тус дүгнэгдсэн байна. 

Дээрх дүнг 2018 онд зохион байгуулсан “Эрсдэлгүй хороо” аяны дүнтэй харьцуулбал “Эрсдэл бага” гэсэн үнэлгээтэй  хорооны тоо 42-оор буюу 42.4 хувиар өсөж, “Эрсдэл дунд” гэсэн үнэлгээтэй хорооны тоо 42-оор буюу 85.7 хувиар буурсны зэрэгцээ гал түймрийн дуудлагын тоо 49 хороонд буурсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

scroll to top